Харвалтын үед илрэх шинж тэмдэгүүд

Харвалт гэдэг нь гэнэт, дайрлага мэт, "харвах" мэт илэрдэг өвчин юм. Маш ховор тохиолдолд шинж тэмдэг нь аажим хэдэн цаг буюу хэдэн өдрийн турш эхлэнэ. Зарим тохиолдолд шинж тэмдэг нь богино хугацаагаар илэрч арилна.


А) Цус хомсролын дайрлага (Transitoric ischemic attack)
Тархины аль нэг артери судас богино хугацаагаар бөглөрч, 24 цагаас доош хугацаанд мэдрэлийн голомтот шинж тэмдэг үүснэ, жишээ нь, тал биеийн мэдээ алдагдах, уруул ам тойрон мэдээгүй болох, хэл яриа ээдрэх, тэнцвэргүйдэх, нэг нүдний хараа гэнэт муудах г.м.. Эдгээр хамшинж тохиолдоход яаралтай эмчид үзүүлж, оношлогоо хийлгэх шаардлагатай. Учир нь, энэ нь жинхэнэ харвалт үүсэхийн урьдал шинж байж болох юм.


Б) Бүрэн харвалт (Complete stroke)
Тархины голомтот шинж тэмдэг 24 цагаас илүү удаан хугацаагаар үргэлжлэхэд бүрэн харвасан гэж үзнэ. Ихэнхдээ тархины цусан хангамж тодорхой голомтонд өөрчлөгдөж, тархины бусад хэсгүүдийн цусан хангамж хэвийн байдаг байна. Иймээс илрэх шинж тэмдэг нь голомтот чанартай байдаг. Тархины аль хэсэгт цусан хангамж муудсанаас хамааран илрэх шинж тэмдэг нь янз бүр байдаг байна. Элбэг тохиолдох шинж тэмдэгээс:

  • Тал биеийн мэдээ муудах, тал биеийн саа, саажилт үүсэх (нүүр, гар, хөл)
  • Хэл яриа өөрчлөгдөх: огт ярьж чадахгүй байх, эсвэл ярьж байгаа үгс нь ойлгогдохгүй байх, эсвэл хүний яриаг ойлгохгүй байх, хэл ярианы өөрчлөлт нь ихэвчлэн баруун тал биеийн мэдээ алдагдахад хавсарна
  • Хараа өөрчлөгдөх: юм хоёрлож харагдах, нэг нүд хараагүй болох, харааны талбай өөрчлөгдөх, нүд хялар болох
  • Тэнцвэр өөрчлөгдөх: толгой эргэх, дотор муухайрч бөөлжих, чих шуугих, сонсгол өөрчлөгдөх
  • Хэл залгиурын хөдөлгөөн саажих, хахаж цацах
  • Ухаан санаа алдагдах

Эдгээр голомтот шинж тэмдэгээс гадна тархины ерөнхий шинж тэмдэгүүд илэрч болно. Жишээ нь, ой тогтоолт муудах, ухаан санаа балартах, бие сульдах, газар дайвалзах, тодорхой чиглэлгүй толгой эргэх г.м..
Тархины цус хомсрох болон тархинд цус хурах харвалтын шинж тэмдгүүд төстэй байдаг бол, харвалтын ховор хэлбэр болох торлог бүрхүүл доорхи цус харвалтын үед юуны өмнө гэнэт маш хүчтэй, тэсэхийн аргагүй толгой өвдөнө. Хүчтэй өвдөлтөөс болж ухаан алдана. Цус тархины эд рүү нэвчсэн тохиолдолд голомтот шинж тэмдэг илэрнэ. Тархины бүрхүүл завсар их хэмжээний цус хурсанаас болж тархи нилдээ цочирдож, амархан хавагнана. Энэ хэлбэрийн харвалт амь насанд онцгой аюултай байдаг.