Урьдчилан сэргийлэх эмчилгээг хэрхэн хийх вэ?

Урьдчилан сэргийлэх эмчилгээг харвалт үүсэхээс хамгаалах анхдагч, харвалтын дараа дахин харвахаас хамгаалах хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж хуваадаг.

Анхдагч урьдчилан сэргийлэх эмчилгээ

АД ихсэх өвчин

Артерийн даралт ихсэх нь харвалтын хянах боломжтой эрсдэл хүчин зүйлийн дотор ордог. Артерийн даралт нь хүн бүрд өөр байх боловч 130/85 мм.муб-аас ихэсгэхгүй байх шаардлагатай. Үүний тулд эмчийн зөвлөсөн, өөрт тохирсон даралт буулгах эмийг тогтмол хэрэглэх нь чухал.

Чихрийн шижин

Цусан дахь чихрийн хэмжээг байнга хянаж, тохирсон эмийг тогтмол хэрэглэх. Артерийн даралт буулгахад АХФ хоригч, Ангиотензины рецепторын хоригч зөвлөх эмүүдийг илүү сонгон хэрэглэнэ. Артерийн даралт ихсэх болон цусан дахь өөх тосны хэмжээ их байдаг хүмүүст өөх тосыг задлагч статины бүлгийн эмийг нэмэн хэрэглэнэ.

Цусан дахи өөх тосны хэмжээ их байх

зүрхний титэм судасны эмгэгтэй ба артерийн даралт ихсэх өвчтэй боловч LDL-холестеролын түвшин хэвийн үед → амьдралын хэв маяг өөрчлөх ба статинаар эмчилнэ. Зүрхний титэм судасны эмгэгтэй ба HDL-холестерол бага өвчтөнд: жин бууруулах, биеийн тамир тогтмол хийх, тамхинаас гарахыг зөвлөнө.

Тосгуурын жирвэлзэлтэй үед

Зүрхний хавхлагын эмгэгтэй (ялангуяа механик зүрхний хавхлагтай) өвчтөнд антикоагулянт зөвлөнө, Хавхлагын бус ТЖ-тэй өвчтөн Аспирин тогтмол уух шаардлагатай. Олон эрсдэл хүчин зүйлтэй бол цус шингэлэх эмээс Варфарин илүү тохиромжтой. Дээрх цус шингэлэх эмүүдийг лабораторийн шинжилгээний хяналттайгаар хэрэглэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Бусад зүрхний эмгэгүүд

Зүрхний шигдээсийн дараахь байдалтай (зүүн ховдлын дисфункцитэй) өвчтөнд цус шингэлэх эмчилгээг хийнэ.

Хоол тэжээл

Давсны хэрэглээг бууруулж, калийн хэрэглээг ихэсгэнэ. Жимс, хүнсний ногоогоор баялаг, өөх тос багатай (ханасан ба нийт өөх тос) хүнс хэрэглэнэ.

Хөдөлгөөний дутагдал

Идэвхтэй биеийн тамир хийх, өдөрт 30 минутаас илүү хугацаагаар дунд зэргийн эрчимтэй дасгал тогмол хийх

Таргалалт

Биеийн жингийн индекс (БЖИ) 25-29,9 кг\м2 бол ихэссэн, >30 кг\м2 бол тарган гэж үзэн жин хасна.

Бусад

Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, тамхи татахгүй байх, ялангуяа жирэмслэлтээс хамгаалах гормоныг тамхитай хамт хэрэглэхгүй байх

Хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээ

  • Артерийн даралт буулгах эмчилгээ
  • Антиаггрегант эмийг тогтмол хэрэглэх
  • Антикоагулянт
  • Цусан дахи өөх тосыг бууруулах эмчилгээ
  • Гүрээний артерийн дезоблитераци (эндартерэктоми) мэс заслын эмчилгээ
  • Ангиографийн интервенцийн аргууд (ангиопластик, баллон-стент)
  • Зуйван цонхны мэс заслын эмчилгээг хийнэ.

Хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээг өмнөх харвалтын хэлбэр болон харвалт үүсэн шалтгаанаас хамааруулан эмч сонгодог.