ТОЛГОЙ ЭРГЭЛТ

1. Толгой эргэлтийн тухай

Хүмүүсийн дунд элбэг тохиолддог зовиурын нэг бол толгой эргэлт. Толгой эргэх үед биеийн тэнцвэр алдагдаж орчны юмс хөдлөх мэт гажуу сэтгэгдэл төрнө. Энэ нь бие даасан өвчин биш, харин ихэвчлэн суурь эмгэгийн шинж тэмдэг болдог. Шалтгааныг тодруулахын тулд толгой ямар байдлаар эргэх вэ, ямар нөхцөлд үүсч сэдэрч байна, хөдөлгөөнтэй холбоотой юу, толгой байнга эсвэл үе үе эргэх үү, нэг удаагийн хөдлөл хэр удаан үргэлжлэх вэ, толгой эргэх үед өөр ямар хам шинж дагалдах вэ гэх зэрэг асуултанд хариулах хэрэгтэй.

2. Толгой эргэлтийн хэлбэрүүд

Толгой эргэлт нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Хамгийн элбэг тохиолддог хэлбэрт өвчтөний орчин тойрон буюу өрөө тасалгаа нь тойрон эргэлдэж байгаа мэт эсвэл эргэдэг тоглоомон дээр сууж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эргэх хөдөлгөөний чиглэл нь нэг зүгт хандсан байна. Нүд ээ анихад толгой эргэлт аажмаар намдаж арилна.

Дараагийн хэлбэрийн үед зогсож байгаа шал буюу газар ганхаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үүнээс гадна цахилгаан шатанд дээшээ буюу доошоо явж байгаа мэт санагдахыг “лифтэн” хэлбэр гэж нэрлэнэ.

Толгой эргэлтийг дагалдаж дотор муухай оргих, бөөлжих, хөлрөх, зүрх дэлсэх, айдас төрөх, зогисох, гуйвах зэрэг хам шинжүүд илрэнэ. Толгой эргэлтийн хөдлөл намдсаны дараа хурдан алхах, машин унах, толгой болон биеэ огцом хөдөлгөхөд нэг талруугаа дайвалзаж, тэнцвэр алдагдана. Эдгээр зовиурууд хэсэг хугацааны дараа аажмаар арилна.

Ихэнхи тохиолдолд толгой эргэлтийн үед тэнцвэрийн эрхтэн гэмтсэн байдаг. Дотор чихэнд байрлах, дун хэлбэртэй энэ бичил эрхтэн нь хүний толгойн байрлал өөрчлөгдөх мэдээллийг тархируу дамжуулдаг. Тэнцвэрийн эрхтэний үйл ажиллагаа нь хүний биеийн бусад эрхтэнтэй адил гэмтэх, үрэвсэх, чулуужих, цусан хангамж муудах зэрэг янз бүрийн шалтгаанаар өөрчлөгдөж болно. Толгой эргэлт үүсгэх хамгийн элбэг тохиолдох шалтгаан бол байрлалаас хамаарсан толгой эргэлт юм. Энэ өвчний үед толгойг тодорхой нэг чиглэлд хөдөлгөсөнтэй холбоотой толгой эргэнэ. Ихэнхдээ өвчтөн шөнө нэг талаас нөгөө талруу харж хэвтэх, эсвэл сууж байгаад хэвтэх тохиолдолд толгой богино хугацаанд, хэдхэн секундын турш эргэж, дотор муухайрна. Өвчтөнд их зовиуртай ч гэсэн энэ өвчний үед эмийн эмчилгээ ихэнхдээ шаардлагагүй байдаг. Зовиур 2-3 хоног үргэлжилж, аажмаар намдана.

Зарим тохиолдолд толгой эргэх хамшинж нь чих шуугих болон сонсгол муудах зовиуртай давхцана. Энэ нь тэнцвэрийн эрхтэнээс гадна сонсголын эрхтэн гэмтсэнийг илтгэнэ. Ховор тохиолдолд тархины цусан хангамж муудах болон бусад тархи, бага тархи болон тархины баганы эмгэгийн үед толгой эргэнэ. Энэ үед тархины үйл ажиллагаатай холбоотой нэмэлт олон шинж тэмдэг илрэдэг тул эмчийн няхуур үзлэгээр төв мэдрэлийн тогтолцооны гэмтлийг тогтоох боломжтой байдаг.

Үүнээс гадна, гадуур явахад бага зэрэг тэнцвэр алдагдах, бие сулрах, толгой дүүрэх, нүд бүрэлзэх г.м. тодорхой бус зовиурууд сэтгэл санаа хямарсан, хэт их ядарсан, мөн сэтгэцийн өвчтэй хүмүүст тохиолдож болно. Настай хүмүүст тархины үйл ажиллагааны өөрчлөлт, зүрх судас болон бусад дотрын өвчнүүдийг дагалдаж толгой эргэдэг. Ой тогтоолт муудах, анхаарал сулрах хам шинжүүд нь тархины үйл ажиллагааны өөрчлөлтийг илтгэдэг бол, амьсгаадах, зүрх дэлсэх, шөнө шээх, мөн ачааллаас хамааран зүрхээр өвдөх зэрэг нь зүрх судасны эмгэгийн шинж тэмдэг болно.

3. Толгой эргэлт үүсэх механизм

Тэнцвэрийг зохицуулахад чих, нүд, гүн мэдрэхүй, булчин шөрмөс зэрэг олон эрхтэн оролцдог. Эдгээрийн үйл ажиллагааг тархи харилцан уялдуулж удирддаг. Дотор чихэнд байрладаг тэнцвэрийн эрхтэн нь хүний бие, толгойн байрлал, хөдөлгөөний тухай мэдээллийг тархины баганаар дамжуулан тархинд хүргэнэ. Тархины тэнцвэрийн төв нь чих болон нүдээр дамжсан мэдээллийг боловсруулан үе мөч болон булчингуудын байрлал ба хөдөлгөөний тухай мэдээлэлтэй уялдуулан холбоно. Эдгээр мэдээллүүдийг тархи секундэнд олон дахин боловсруулж хүний биеийн хөдөлгөөнийг зохицуулан унах, бэртэх ауюлаас хамгаалдаг.

Чих, нүд, мэдрэлийн судас, тархи зэрэг эдгээр эрхтнүүдийн аль нэгэнд өөрчлөлт үүсэхэд толгой эргэж тэнцвэр алдагдана. Жишээ нь, гэнэтийн хүчтэй дуу чимээнээс үүссэн чихний гэмтэл буюу цусан хангамжийн өөрчлөлтийн улмаас дотор чихэнд байрладаг хоёр тэнцвэрийн эрхтний аль нэг нь гэмтэхэд тэр талаас тархинд очих мэдээлэл гэнэт саатна. Гэтэл эсрэг талын дотор чих нь мэдээлэл ээ дамжуулсаар байна. Иймээс, хүний байрлал солигдоогүй байхад тархин дахь тэнцвэрийн төвийн зохицуулга алдагдаж, огцом хөдөлгөөн үүссэн мэт санагдаж толгой эргэнэ. Тэнцвэрийн эрхтнээс буруу мэдээлэл ирж байгааг тархи мэдэрч зохицуулснаар толгой эргэх, дотор муухайрч бөөлжих, зүрх дэлсэх гэх мэт зовиурууд цөөхөн хоногийн дотор багасч, хэдэн долоо хоногийн дараа бүрэн нөхөгдөн сэргэнэ.

Нас ахих тусам тархины үйл ажиллагаа суларч мэдээлэл боловсруулах хурд удааширна. Үүнээс болж биеийн байрлал өөрчлөгдөхөд тархин дахь тэнцвэрийн төвийн хариу урвал удааширч, өвчтөнд үл ялих толгой эргэх, дайвалзах зовиур төрнө. Толгой эргэлтийн улмаас унаж бэртэх аюул нас ахих тусам ихсэнэ. Хэрэв толгой эргэлт гэнэт илрэх юм уу та байнгын дайвалзах зовиуртай бол эмчид хандах хэрэгтэй.

4. Толгой эргэлтийн эмчилгээ

Толгой эргэлтийг арилгахын тулд юуны өмнө шалтгааныг тодорхойлж эмчлэх хэрэгтэй. Хэрэв зүрхний гаралтай, хэт өндөр буюу хэт бага даралтны улмаас толгой эргэлт үүссэн бол эмчилгээ харьцангүй хялбар байдаг. Мөн эмийн хордлого болон архины төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл нүдний хараа муудсан бол эмчилгээ нь мөн адил хялбар байдаг. Зарим эмийг буруу хэрэглэвэл толгой эргэлт  үүсдэг учир эмчийн тогтоосон тун, заавраар уух нь чухал байдаг.

Толгой эргэлтийн шалтгаан тодорхойгүй тохиолдолд эхэн үед хам шинжийг багасгах эмчилгээ хийгдэнэ. Жишээ нь, тэнцвэрийн эрхтэн нэг талдаа гэмтэхэд эхний 1-3 хоног хэвтрийн дэглэм баримталж хоол бага идэж, шингэн юм хангалттай уухыг зөвлөнө. Үүнээс гадна тархин дахь тэнцвэрийн төвийг дарангуйлж толгой эргэлтийг багасгадаг эм хэрэглэнэ. 3-4 дахь өдрөөс эхлэн эмчилгээний зарчим өөрчлөгдөнө, үүнд, тайван байдлыг сахих биш, идэвхтэй тэнцвэрийн дасгал хийж эхлэнэ.

5. Толгой эргэлтийг багасгахын тулд та өөрөө юу хийх ёстой вэ?

Юуны өмнө, толгой эргэхэд айж, сандарч болохгүй, хамраараа тайван амьсгална. Өөр шинж дагалдаагүй (жишээ нь, хэл ээдрээгүй, гар хөлийн хүч хэвийн) үед эгц нэг цэг рүү ширтвэл, толгой эргэх нь илүү түргэн намдана.

Эмийн эмчилгээтэй хавсран тэнцвэрийн дасгал тогтмол хийхэд эмчилгээний үр дүн сайжирна.