Тархи өвдөхгүй, толгой өвдөнө

“ТАРХИ” ӨВДӨХГҮЙ, ХАРИН БУЛЧИНГУУД ӨВДӨНӨ

“Рефлекс” эмнэлгийн захирал. АУ-ны доктор Ж. Сарангэрэл

Сүүлийн үед иргэдийн дунд стресс буюу оюуны ядаргаа хэт их ачааллын тухай яригдах боллоо? Нэн ялангуяа энэ байдал хот суурин газарт амьдардаг хүмүүсийн дунд ихээр мэдрэгдэх болсон. Танай “Рефлекс” эмнэлэг энэ чиглэлээр ажилладаг юм байна?

Стресс бол зөвхөн мэдрэлийн эмгэг биш, олон талын өөрчлөлт үүсгэдэг зүйл юм. Өдөр тутмын ачаалал хэтрэх, орчин тойрны нөхцөл байдалд сэтгэл ханамж муу байх, оюуны болон биеийн хөдөлмөрийн ачааллыг даах чадвар буурах, санаа сэтгэл тайван бус болохыг стресс гэж хэлж болох юм. Стресс ихтэй хүн бол юуны өмнө сэтгэцийн өөрчлөлтөнд ордог. Үүнд, сэтгэлийн дарамтанд орж, айж түгшдэг, уурлаж уцаарладаг, гутарч хямардаг, тайван бус байдалд ордог. Үүнтэй холбоотой бие махбодид өөрчлөлтүүд илэрч болно. Жишээлбэл, нойр хулжих, толгой өвдөх, бие хөших, үе мөчөөр янгинаж өвдөх, ходоод өвдөх, хоолны шингэц муудах гэх мэт. Тэгэхлээр стресс нь хүний сэтгэцэд нөлөөлж, цаашид үргэлжлэн дотрын,  мэдрэлийн, арьсны, хараа сонсголын гэх мэт олон төрлийн өвчин болж хувирдаг.

Манай эмнэлэг мэдрэлийн тогтолцоотой холбоотой бүх төрлийн зовиуртай өвчтөний үзлэг, хэд хэдэн төрлийн оношлогоо хийж зөвлөгөө өгдөг. Хийгддэг шинжилгээн дунд тархины цахилгаан бичлэг, тархины судасны шинжилгээ, мөн харааны өөрчлөлттэй холбоотой мэдрэлийн бүтцийн оношлогоо болох харааны дуудлагат потенциал зэрэг багтана. Үүнээс гадна захын мэдрэлийн судасны эмгэг болон булчингийн эмгэгийг оношлон зөвлөгөө өгдөг.

Стрессийн эмгэг хот суурин газрын хүмүүст ихээр илэрдэг  гэсэн судалгаа байдаг гэсэн?

Хот суурин газрын хүмүүсийн стресс их байдаг нь үнэн. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл нэгдүгээрт, маш давчуу богино хугацаанд ихийг бүтээж амжуулахыг оролддог, зарим тохиолдолд хийх боломжгүй зүйл дээр өөрийгөө хэт их дайчилж зүтгэдэг. Хоёрдугаарт, чөлөөт цаг буюу амрах цагаас хороож ажилладаг. Гуравдугаарт, хот суурин газрын дуу чимээ их, орчны агаар илүү бохир байдаг. Дөрөвдүгээрт, унаа тэргийг хэтрүүлэн хэрэглэж, хүн хөдөлгөөний дутагдалд орж, ачаалал даах чадвар эрс багасгч, амархан ядардаг. Үүнээс гадна, хүний амьдралын материаллаг хэрэгцээтэй холбоотой асуудал бас гардаг. Хөдөө орон нутагт айл бүрт машин тэрэг, тохилог орон сууц байх албагүй байдаг бол, хот суурин газрын хүмүүсийн хувьд орон сууцанд амьдрах шаардлагатай байдаг. Энэ нь тэр бүр амар асуудал биш тул стресс нэмэгдэх шалтгааны нэг болж байна.

Стресс нь хот суурин газрын хүмүүсийн хувьд зүрх судасны өвчинд голлон нөлөөлдөг гэсэн судалгаа  байдаг? Өөрөөр хэлбэл  хот суурин газрын хүмүүст стрессээс болж зүрхний шигдээс өвчин элбэгших хандлагатай болсон гэж үздэг?

Стресс нь юуны өмнө хүний сэтгэцэд нөлөөлж, айж түгших, уурлаж уцаарлах, нойр сэргэг болох, сэтгэл хямарч, тайван бус болох зэрэг өөрчлөлтөөр илэрдэг. Эдгээр зовиурууд нь хоёрдогчоор зүрх судасны тогтолцоонд их хэмжээгээр нөлөөлж, зүрхээр өвдөх, амьсгал бачуурах, зүрхний цохилт олширох, даралт ихсэх, тогтворгүй болох шинжүүд үүснэ. Ингэж сэтгэцийн байдал нь аажмаар хүнд органик өөрчлөлт үүсэх эх үүсвэр болж, тархи, зүрх, ходоод гэх мэтийн эрхтэнүүдийн үйл ажиллагаа хямардаг.

Сүүлийн үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон тооны хувийн эмнэлгүүд ажиллаж байна. Танай эмнэлгийн хувьд онцлог нь юу вэ?

Ихэнх эмнэлгүүд стресстэй холбоотой зовиурийн суурь шалтгааныг зайлуулах биш, түр зуур өвдөлт намдаах, тайвшруулах эм уулгах, төрөл бүрийн витамин ба нэмэлт тэжээлийн тариа, бариа засал хийх зэрэг эмчилгээ хийдэг. Тиймээс, эмнэлгээс гарсаны дараа, хэсэг хугацааны дараа өмнө нь байсан зовуурь давтагдах хандлагатай байдаг.

Манай эмнэлэгт хандаж буй олон өвчтөн стресстэй холбоотой зовиур хэлдэг. Үүнд, өдөр тутмын архаг толгой өвдөлт, нурууны өвдөлт, гар хөлийн бадайралт, үе мөчний янгинах өвдөлт, нойргүйдэл зэрэг багтана. Жишээ нь, архаг толгой өвдөлтийг авч үзье. Энэ нь олон талын шалтгаантай байж болно, элбэг тохиолдох шалтгааны тоонд булчингийн гаралтай толгой өвдөлт ордог. Үүнийг мэргэжлийн хэлээр хүчдэлийн толгой өвдөлт гэж нэрлэнэ. Ямар булчин өвдөлт үүсгэх вэ гэхээр, хоёр чамархайгаар лугшиж, чинэрч өвдвөл зажлуурын булчин чангарсан байна. Ажлын ачаалал их үед хүн шүдээ зуудаг байна. Тиймээс чамархайн булчин чангарч, судас нь лугшиж өвдөж эхэлнэ. Мөн суугаа ажилтай буюу компьютерийн ард удаан суудаг хүний толгой хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдаж, толгой хүзүүг холбосон олон мөгөөрсөн холбоос болон зургаан үе давхарга булчингууд чангарч, хавагнаж, хөших өвдөлт үүсгэнэ. Олон хүний толгойн оройгоор бамбайж өвддөг. Хүмүүсийн ярьж заншсан шиг энд “тархи” өвдөх биш, харин духны булчин чангарч, хавагнадаг. Духны булчинг хүний сэтгэцийн булчин гэж нэрлэдэг. Яагаад гэвэл сэтгэл санаа тогтворгүй, хямрах үед энэ булчин зангиран агшдаг байна. Ер нь булчингийн гаралтай толгой өвдөлт нь хөдөлгөөн багатай, ажлын ачаалал ихтэй, сэтгэл санаа тайван бус хүмүүст хамгийн их тохиолддог. Гадаадын хөгжилтэй орнуудын хүм ам дунд архаг өдөр тутмын толгой өвдөлтийн талаарх мэдээлэл сайн тархсан байдаг. Тиймээс, эмчид хандах нь харьцангүй ховор. Жишээ нь, Германд мэдрэлийн эмчид хандсан хүмүүсийн <2%-д булчингийн гаралтай толгой өвдөлт онош тавигддаг бол, манай эмнэлэгт сүүлийн 3 жил хандсан өвчтөнүүдийн 10% нь ийм оноштой байсан. Энэ өвчнийг андууран тархины даралт ихэссэн, эсвэл тархины судас хатуурсан гэх мэт буруу оношлоход өвчтөн зовиуриас салж чадахгүй, олон эмнэлэг хэсдэг. Өвдөлт үүсэх шалтгаан, алсдаа зовиуриас салах аргыг тайлбарлаж өгөхөд үр дүн маш сайн байна.

Бидний үзлэгийн онцлог гэвэл, өвчтөний зовиурыг сайн лавлаж сонсож, няхуур үзэж, өвчний суурь шалтгааныг сайтар тайлбарлан ойлгуулж, зовиурыг арилгах арга замыг зааж, зөвлөлгөө өгөхөд оршдог. Стрессийг багасгахад үр дүн нь баталгаагүй, олон витамин, тэжээлийн бодис агуулсан тариа дусал хийх биш, харин аль болох амьдралын хэвмаяг өөрчлөх, хөдөлгөөн ба хооллолтын дэглэм сайжруулах, анхаарлаа төвлөрүүлэх бясалгал хийхийг зөвлөж, эмийн хэрэглээний давуу болон сөрөг талыг тайлбарлах нь зүйтэй. Бид өвчтөндөө хангалттай цаг хугацаа зарцуулдаг.

Танай эмнэлэгт голдуу ямар насны хүмүүс их ирж байна вэ?

Голдуу дунд насны буюу 30-аас 50 насны хүмүүс ирдэг. Мөн олон хүүхдүүд үйлчлүүлдэг. Сардаа дунджаар 200-300 орчим хүн үзүүлж, оношлогоо хийлгэдэг. Нийт өвчтөний 50 орчим хувь нь стресстэй холбоотой зовиур хэлдэг.

Стрессийг тайлах эм тариа байдаг уу?

Стрессийн зовиур тайлахад тэр бүр эм тариа хэрэглэх шаардлагагүй. Ямар зовиур илрэх, хэр удаан үргэлжилсэн зэргээс хамаарна. Сүүлийн үед манай оронд олон шинэ эмийн бэлдмэлүүд орж ирж байна. Үүний дунд Гамалате нэртэй, тархины үйл ажиллагаанд хэрэгтэй амин хүчлүүд болон витамин В6 агуулсан эм байна. Энэ эмийн бэлдмэл нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, оюуны хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлнэ.

“Эмч” сонинд хэвлэгдэв.