Физик эмчилгээ
Хэт авиан эмчилгээ
Хэт авиан эмчилгээний үед хэсэг газрын дулааныг нэмэгдүүлснээр өвдөлт намдаж, булчингийн чангарал суларч, бодисын солилцоо идэвхжин, нян устдаг. Эмчилгээнд 1-3MHz давтамжтай хэт авианы долгионыг хэрэглэнэ, хэт авианы давтамж бага байх тусам эдийн гүн рүү, харин их байх тусам эдийн өнгөц хэсэгт үйлчилнэ.
Орчин үеийн анагаах ухаанд хэт авианы долгионыг ихэвчлэн шөрмөс, булчингийн гэмтэл, үрэвсэл, үений үрэвслийн эмчилгээнд хэрэглэж байна.
Мэдрэл-булчингийн цахилгаан цочролын эмчилгээ (TENS)
Биеийн өвдсөн хэсэгт нам давтамжийн цахилгаан гүйдлээр үйлчилж өвдөлт намдаах, цусны эргэлт сайжруулах, булчин суллах зорилготой төхөөрөмжийн эмчилгээ юм. Цахилгаан гүйдлийн давтамжийг бага, өндөр гэж тохируулна: цочмог өвдөлтийг намдаах зорилгоор өндөр давтамжийг ашиглах бол бага давтамж нь архаг өвдөлтөнд илүү ашигтай.
Уг эмчилгээг нурууны цочмог ба архаг өвдөлт, мэс заслын дараах өвдөлт, мөчдийн булчин шөрмөсний өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
Халуун жин
Булчин чангарч, зангирч өвдөх үед хөдөлгөөн засал болон цахилгаан физик эмчилгээний зэрэгцээ халуун жин тавихад булчинг суллан тайвшруулан, өвдөлт илүү хурдан, сайн намддаг.