Рефлекс эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр Р. Мөнхбаяр

  • 1997 онд АУИС-ийн эмчилгээний факультетыг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 1999-2001 онд мэдрэл судлалын чиглэлээр АУИС-ийн резидентурт Ж. Сарангэрэл эмчийн удирдлага дор суралцаж, мэдрэл судлалын нарийн мэргэшил эзэмшсэн.
  • 2002 онд тархины судасны хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтыг дүүргэсэн.
  • 2007 онд “Тархины цус хомсрох хамшинжийн үеийн гемодинамик өөрчлөлтийг допплерсонографийн аргаар судлах нь” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2009 онд ХБНГУ-ын Халле хотын Мэдрэл Судлалын эмнэлэгт мэдрэлийн тогтолцооны цахилгаан оношилгоо чиглэлээр дадлага сургалтанд оролцож мэргэжил дээшлүүлсэн.
  • 2017 онд Мэдрэлийн Ахлах эмчийн зэрэг хамгаалсан.
  • Мэдрэлийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх олон сургалт-семинарт идэвхтэй оролцож, тархины хэт авиан оношилгоо, захын мэдрэлийн эмгэг зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, мэдрэлийн эмч нарт “электронейрографи/электромиографийн оношилгоо” сэдвээр төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж, мэдрэл судлалын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

ТОЛГОЙН ӨВДӨЛТ ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ...

Судлаачид дэлхийн хүн амын 85% нь амьдралынхаа туршид толгой өвдөлтийг ямар нэгэн байдлаар мэдэрдэг хэмээн дүгнэдэг. Толгойн өвдөлтийг дотор нь бие даасан, анхдагч толгойн өвдөлт ба хоёрдогч толгой өвдөлт гэж хуваадаг. Аливаа үрэвслийн улмаас, хавдрын улмаас, гэмтлийн дараа, зүрх судасны өвчний үед, даралт ихсэх үед толгой хоёрдогчоор өвдөнө. Өдөр тутмын практикт бие даасан толгойн өвдөлт харьцангүй элбэг тохиолддог. Тархины бусад өвчин, зүрх судас болон бодисын солилцооны эмгэг, үрэвслийг үгүйсгэснээр бид анхдагч толгойн өвдөлтийг баталдаг. Анхдагч толгой өвдөлт нь олон янзын хэлбэртэй, өвчин бүр өвөрмөц эмчилгээтэй байдаг. Өвдөлтийн хэлбэрийг ялгаж, оношийг зөв тогтооход өвдөлтийн тухай асуумж, байршил, шинж чанар, сэдрээх хүчин зүйлс, давтамж зэрэг өгүүлэмж чухал үүрэгтэй. Таны толгой өвддөг бол ямар үед өвдөж, хэр удаан үргэлжилдэг болох, яавал намдаж, яахад сэдэрдэг, хэр хүчтэй ба хэрхэн өвддөг, тодорхой давтамж байгаа эсэхийг Та сайн анзаарч байгаарай.