Рефлекс эмнэлгийн мэдрэлийн эмч, АУ-ны магистр Э. Сэлэнгэ
- 2016 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
- 2016-2018 онд АШУҮИС-ийн мэргэшүүлэх сургалтанд суралцаж мэдрэлийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
- 2018 оноос Рефлекс эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байна.
- 2019 онд тархины судасны хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтыг дүүргэсэн.
- 2020 онд “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн дунд тохиолдох толгойн анхдагч өвдөлтийн тархалт, зарим эрсдэлт хүчин зүйл” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
- 2020 онд Тархины цахилгаан бичлэг (электроэнцефалограмм)-ийн мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн.
НОЙРНЫ ТУХАЙ
Нойр нь эрүүл мэнд, амьдралын сайн сайхан байдлыг хангах чухал хэрэгцээний нэг юм. Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Нойрсох үед бидний биемахбодь, булчин холбогч эд шинэчлэгдэх, хамгаалах тогтолцоо сэргэн дархлааны цитокинүүд боловсрох, үрэвслийн үйл явц дарангуйлагдах, оюун санаа цэгцлэгдэх, дурсамжийн холбоос үүсэх зэрэг амин чухал үйл явц өрнөдөг. Нойрыг нүдний хурдан ба удаан хөдөлгөөнт үе гэж ангилан авч үздэг. Нүдний хурдан хөдөлгөөнт нойрны үед мэдээллийг нэгтгэх, дурсамжийг боловсруулах гээд идэвхтэй үйл явц тархинд өрнөдөг. Харин нүдний удаан хөдөлгөөнт нойрны үеийг хөнгөн ба гүн нойрны шатанд хуваана, энэ үед зүрхний цохилт, биеийн температур, амьсгалын тоо буурч биемахбодь амарч шинэчлэгддэг.
Тэгвэл бид шөнө хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? Хүний наснаас хамаарч шөнө унтах тохиромжтой цагийг шинэ төрсөн хүүхдэд 14-17 цаг, цэцэрлэгийн насны хүүхдэд 10-14 цаг, сургуулийн бага насны хүүхдэд 9-11 цаг, өсвөр насны хүүхдэд 8-10 цаг, насанд хүрэгчдэд 7-9 цаг, ахмадуудад маань 7-8 цаг байх нь зүйтэй талаар эрдэмтэд зөвлөсөн байдаг. Та бүхэн нойрны эрүүл мэндээ хамгаалж, нойр-сэрүүний зөв дэглэмийг баримтлан аз жаргалтай амьдралынхаа үндэс суурийг бүрдүүлээрэй.