Харвалтын шалтгаанууд

Тархины эдийн цус хомсрол

(тархины шигдээс )

Тархины судасны бөглөрөл болон нарийслын улмаас тархины цусан хангамж цочмог байдлаар эрс буурч тархины эдийн тэжээл алдагдаж үхжихийг тархины цус хомсрол гэнэ. Тархины цус хомсрол үүсэх шалтгаан янз бүр байдаг.

Бичил судасны эмгэгийн үед тархины бичил артери судсуудын хана зузаарсны улмаас нарийсаж, бөглөрдөг. Үүний улмаас үүсэх бичил (лакунар) голомтот өөрчлөлт нь голчлон их тархины цагаан бодист байрладаг.

Том судасны нарийсал, бөглөрөлийн үед хүзүү хэсгийн том артери судсууд болон тархины суурь хэсэгт байрлах Виллизийн тойргийн артери судсууд нарийсаж бөглөрдөг. Судасны хананд өөхөн товруунууд сууж судасны хатуурлыг үүсгэдэг. Эдгээр товруунууд эхлээд том судасны салаалах болон нугарах хэсгүүдэд эхлэн сууж цааш үргэлжлэн бусад судсыг хамарна. Эдгээр товруунууд давхарлан суусаар судасны нарийслыг бий болгоно. Зарим тохиолдолд товрууны нэг хэсэг ханаас ховхорч артери судасны замаар дамжин дараахи салаа судсыг очиж бөглөснөөр цус хомсрох хамшинж үүснэ. Судасны нарийсал нь олон жилийн турш аажмаар явагддаг тул өндөр зэргийн нарийсал үүсч цусан хангамжийн дутагдалд орох хүртэл зовиур үүсгэхгүй.

Тархины цус хомсрол үүсгэх дараагийн шалтгаан нь зүрхний гаралтай цусны бүлэн юм. Зүрхний эмгэгийн үед (ихэвчлэн хэм алдагдал) цусны бүлэн үүсэх эрсдэл эрс ихэсдэг. Зүрхэнд үүссэн цусны бүлэн цусны урсгалаар явж хамгийн цусан хангамж ихтэй эрхтэн болох тархины аль нэгэн судсыг очиж бөглөснөөс тархины шигдээс үүсдэг. Мөн ховор тохиолдолд цус хэт өтгөрч бүлэгнэх эмгэгийн үед цусны бүлэн үүсдэг. Ийм эмгэг жамаар үүссэн тархины цус хомсрол ихэвчлэн залуу хүмүүст тохиолддог. Тархины цус хомсрох хамшинжийн шалтгааныг нарийвчлан тодорхойлох нь эмчилгээний зарчмыг өөрчлөхөд чухал ач холбогдолтой.

 

Тархины цус хомсролыг клиникийн практикт 2 хэлбэрт хуваадаг.


1) тархины цус хомсрох дайрал (TIA - transitoric ischemic attack)
2) тархины шигдээс (brain ischemic stroke, brain infarction)

 

Тархины цус хомсрох дайрал гэдэг нь цусан хангамжийн хурц дутагдлын улмаас тархины эдийн үйл ажиллагаа алдагдан голомтот шинж тэмдэг үүсч 24 цагийн дотор арилахыг хэлнэ.

Харин тархины шигдээсийн үед цусан хангамж дутагдаж байгаа хэсэгт үйл ажиллагааны дутагдал даамжран, бүтцийн өөрчлөлт гардаг, өөрөөр хэлбэл, тархины үхжил үүснэ. Мэдрэлийн эд эсүүд биеийн бусад эсүүдтэй харьцуулахад нөхөн төлжих чадваргүй байдаг учраас нэгэнт үхжил үүссэн хэсэгт эргэшгүй өөрчлөлт ордог. Иймд голомтот шинж тэмдгүүд 24 цагаас илүү хугацаагаар үргэлжилнэ.
Судасны аль бүсэд цусан хангамжийн дутагдал үүссэнээс хамааран янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Харвалтын дараа биеийн байдал сайжирч, саажилттай гар хөлийн үйл ажиллагаа сэргэж байгаа нь тархины эрүүл эд эсүүд үхжсэн хэсгийнхээ үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх чадвартай байдагтай холбоотой юм.

 

Тархины эдэд цус харвах

(интрацеребрал геморраги)

Тархины судас хагарч цус хурснаас тархины эд дарагдаж голомтот ба ерөнхий шинж тэмдэг үүсэхийг цус хуралт гэнэ. Том болон жижиг судас хагарснаас хурах цусны хэмжээ шууд хамаарна. Их хэмжээний цус хурсан тохиолдолд тархины ховдлууд руу цоорч ухаан алдагдана. Цус хурсан голомтыг тойрон их хэмжээний хаван үүссэнээс өвчтөний биеийн байдал улам хүндэрнэ. Тархины эдийн цус хуралтын шалтгааны 60%-ийг артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг. Артерийн даралт ихсэх өвчний улмаас бичил артери судасны хана хэврэгшин өөрчлөгдөж, зарим хэсгээр зузаарч, зарим хэсгээр нимгэрдэг. Артерийн даралт огцом ихсэх үед артери судас нимгэрсэн хэсгээрээ хагардаг. Үүнээс гадна, цус харвалт үүсгэх ховор шалтгааны тоонд тархины судасны гаж хөгжил, тархины судасны хавдар, зарим эмийн эмчилгээний хүндрэл зэрэг орно.

 

Торлог бүрхүүлийн доорхи цус харвалт

Артери судасны цүлхэн (аневризм) хагарч цус нь тархины торлог бүрхүүлийн доорхи хөндийд хаягдан тархи нугасны шингэнд орж нугасны усаар эргэлдсэнээс харвалтын энэ хэлбэр үүснэ. Аневризм нь төрөлхийн судасны ханын дутуу хөгжлийн улмаас хэсэг газарт булчингийн болон уян давхарга байдаггүйтэй холбоотой үүснэ. Иймд энэ хэсэг цусны даралт буюу биеийн хүчний хүнд ажлын улмаас цүлхийж амархан хагардаг. Үүнээс гадна, гэмтлийн улмаас торлог бүрхүүлийн артери судас хагарч цус хурах нь элбэг тохиолддог.