Харвалтад хүргэх ямар эрсдэл хүчин зүйл байдаг вэ?

Дэлхийн олон орны судлаачдын урт хугацааны судалгаагаар аливаа эмгэг үүсгэх эрсдэл хүчин зүйл байдаг нь нотлогдсон билээ. Үүнд, нэг талаар өвчин үүсгэх төрөлхийн буюу дотоод хүчин зүйл гэж байдаг байна. Эдгээр дотоод хүчин зүйлийн улмаас хамаатан садангуудад тодорхой өвчин элбэг тохиолддог байна, өөрөөр хэлбэл, удмын гаралтай эмгэг үүсдэг байна. Нөгөө талаар, орчин тойрны нөхцөл байдал ба хүмүүсийн амьдралын хэв маягаас хамаарах гадаад хүчин зүйлүүд өвчин үүсгэдэг байна. Жишээ нь, олон жилийн турш их хэмжээгээр тамхи татахад уушигны хавдараар өвчилдөг. Дотоод болон гадаад хүчин зүйл хослоход өвчлөх магадлал илүү өндөр байдаг байна. Мөн хэд хэдэн эрсдэл хүчин зүйл давхцахад өвчлөх магадлал эрс ихэсдэг байна.

Өөрчлөх боломжгүй эрсдэл хүчин зүйл:

Нас

Нас ахих тусам тархины харвалтын эрсдэл нэмэгддэг. (>55 насанд 10 жил тутамд 2 дахин ихсэнэ)

Хүйс

Эрэгтэйчүүд илүү өвчилдөг. Эмэгтэйчүүд 35-44 нас ба 85-аас дээш насанд өндөр өвчлөлтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Арьс өнгө \ үндэс угсаа

Африк гаралтай америкчууд ба Испани гаралтай америкчуудад цус харвалтын өвчлөх ба нас барах эрсдэл Европ гаралтай америкчуудтай харьцуулахад өндөр байдаг. Хар арьстанд тархины харвалтын өвчлөл цагаан арьстан хүмүүсээс 38%иар өндөр. Тархалтын судалгаагаар тархины харвалтын өвчлөл зарим Азийн улсуудад харьцангүй өндөр байдаг.

Генетикийн хүчин зүйл

Өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйл:

Артерийн даралт ихсэх өвчин

Дэлхийн олон орнуудад хийгдсэн судалгаагаар олон жил үргэлжлэх артерийн даралт ихсэх өвчин нь харвалтын эрсдэлийг 3 дахин нэмэгдүүлдэг гэдэг нь нотлогдсон байна. Артерийн даралт өндөр байх тусам, мөн даралт ихсэх эмгэг удаан үргэлжлэх тусам эрсдэл илүү өндөр байна.

Тамхи таталт

Тамхи татах нь тархины шигдээсийн эрсдэлийг 2 дахин, тархины цус харвалтын эрсдэлийг 2-4 дахин ихэсгэдэг. Идэвхгүй тамхи таталт (тамхитай орчин) нь зүрхний эмгэг ба харвалтын эрсдэлийг мөн л ихэсгэнэ.

Чихрийн шижин

Энэ үед захын артери судас хамгийн их нэрвэгддэг (тархи ба зүрхний титэм судас). Чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн харвах эрсдэл эрүүл хүмүүстэй харьцуулахад 4 дахин өндөр байдаг байна.

  • Тосгуурын жирвэлзэл ба бусад зүрхний эмгэгүүд

    Зүрхний эмгэгтэй хүмүүст харвах эрсдэл 2 дахин өндөр байдаг. Зүрхний өвчин тархины харвалтад 2 замаар нөлөөлдөг. Нэгдүгээрт, зүрхний хэм алдагдах үед, мөн зүрхний хавхлагын үйл ажиллагаа муудсан тохиолдолд зүрхэнд цусны бүлэн үүсч, энэ нь тараагуур судасны замаар тархийг тэжээх аль нэг судсыг бөглөдөг. Хоёрдугаарт, зүрхний агшиж цус шахах хүч чадал муудахад тархинд хүрэх цусны хэмжээ буурч цусны хөдлөл зүйтэй холбоотой цус хомсрол үүсдэг. Америкт хийгдсэн судалгаагаар: жилд 2,3 сая хүн зүрхний хэм алдагдалтай гэж бүртгэгдсэний 60.000 орчимд нь харвалт тохиолддог байна.
  • Цусан дахи өөх тосны хэмжээ

    Нийт холестеролын түвшин өндөр (>240-270 mg/dl) үед тархины шигдээсийн өвчлөл ихсэнэ. Ази Номхон далайн бүсийн орнуудыг хамарч 352033 өвчтөнд хийгдсэн судалгаанд нийт холестерол 1 ммол\л (38,7 mg/dl) –ээр ихсэх тутамд тархины шигдээсийн өвчлөл 25%-иар ихэсдэгийг баталжээ.
  • Жирэмслэлтээс хамгаалах эм (контрацептив)

    60-аад оны сүүлээр анх удаа залуу эмэгтэйчүүдэд харьцангүй олон харвалт тохиолдсон тухай мэдэгдсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар удаан хугацаагаар тогтмол жирэмснээс хамгаалах дааврын эм хэрэглэхэд харвах эрсдэл 5 дахин ихэсдэг гэдэг нь нотлогдсон байна. Ялангуяа ийм эмийг тамхи татахтай хослуулахад эрсдэл эрс ихэсдэг.
  • Архаг архидалт

    Олон жилийн турш архийг хэтрүүлэн хэрэглэхэд харвах эрсдэл ихэсдэг. Харин архийг маш бага хэмжээгээр тогтмол уухад харвах эрсдэл багасч, нэг ёсны харвахаас хамгаалах үйлчилгээтэй байдаг байна. Энэ тун нь цагаан архи хоногт 30 мл, вино 50 мл байна.
  • Хөдөлгөөний дутагдал

    Идэвхтэй биеийн тамирын нөлөө нь түүний даралт бууруулах нөлөө, бусад зүрх судасны эмгэг, чихрийн шижин, биеийн жинг хянах зэргээр нөхцөлдөнө. Өөр биологийн механизм нь сийвэнгийн фибриноген, ялтаст эсийн бөөгнөрөлийг бууруулах, сийвэнд эдийн плазминоген идэвхжүүлэгч (цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүд), өндөр нягттай холестеролын концентрацийг ихэсгэнэ.

 

Таргалалт

Биеийн жил ихсэлт, хэвлийн таргалалт нь тархины харвалтын эрсдэлтэй шууд хамааралтай.