Полиневропати өвчнийг оношлох арга зам

Мөчдийн үзүүр хэсэгт захын сул саа, мэдрэхүйн өөрчлөлт, арьсны тэжээлийн алдагдлаар илэрдэг бүлэг өвчинг полиневропати гэнэ.

Захын мэдрүүл нь олон мэдрэлийн ширхэг буюу аксоноос тогтдог. Эдгээрийн нэг хэсэг нь афферент (өгсөх), нөгөө хэсэг нь эфферент (уруудах) замаар сэрэл дамжуулах ба мэдрэхүйн, хөдөлгөөний болон автоном ширхэгүүд агуулна. Хөдөлгөөний болон гүнийн мэдрэхүйн ширхэгүүд зузаан миелин бүрхүүлтэй байдаг бол өнгөц мэдрэхүйн, автоном ширхэгүүд огт бүрхүүлгүй эсвэл маш нимгэн миелин бүрхүүлтэй байдаг.

Полиневропати олон төрлийн шалтгааны улмаас үүсдэг. Үүнд:

-       Анхдагчаар: аутоиммуны өвчнүүд (хурц полирадикулит Гийян-Барре, архаг үрэвслийн миелингүйжих полирадикулопати), удамшлын (хөдөлгөөн-мэдрэхүйн невропати)

-       Хоёрдогчоор: хордлогын гаралтай (архи, хүнд металл, органик уусгагч, зарим эм: сүрьеэгийн эсрэг эмүүд, нитрофурантоин, метронидазол, амиодарон, винкристин гм), бодисын солилцооны өвчний үед (чихрийн шижин, элэг бөөрний хүнд эмгэг, порфири, амилойдоз, витамины дутагдал), васкулит,  коллагеноз өвчнүүдийн үед үүсдэг.

Полинейропати өвчин ихэвчлэн хоёр хөлөөс эхлэн мэдээ алдагдах, өөрчлөгдөх шинжээр илрэнэ. Үүнд, хөлний мэдээ муудах, бадайрах, хорсох, төөнөх, зүүн дээр гишгэх мэт санагдах г.м. шинжүүд үүснэ. Хөдөлгөөний ширхэгүүд гэмтэхэд эхлээд хөл, дараа нь гарын хүч сулрана, амархан юманд тээглэж унана, тавхай унжина. Шинж тэмдгийн илрэл янз бүр байна, зарим хүнд зөвхөн мэдээ муудаж, байдайрах шинж илэрвэл, зарим тохиолдолд зөвхөн мөчдийн захын булчин суларч хатингаршиж, хөл гарын хэлбэр өөрчлөгдөнө. Шалтгаанаас хамааран өвчний явц бас янз бүр байж болно, зарим тохиолдолд богино хугацаанд хүнд зэргийн саажилт үүсч, хэвтрийн байдалд хүрэхэд, бусад тохиолдолд аажим, олон жилийн турш даамжирна. Сүүлийн тохиолдолд алхаа өөрчлөгдөж, тэнцвэр алдагдана.

Полиневропати эмгэгийг ялган оношлоход юуны өмнө өвчний түүх болон мэдрэлийн үзлэгт сайтар анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг.

Өвчний түүхээс өвчний эхлэл хурц (1 сар хүртэл), хурцавтар (6 сар хүртэл) болон архаг (6 сараас дээш) байдлаар эхлэн аажим даамжран явагдаж байгаа эсэх, өвчин эхлэхэд дээрх шалтгаант хүчин зүйлсээс байсан эсэхийг тодруулна. Булчингийн сулрал гар хөлийн аль хэсгээс эхэлсэн, мэдрэхүйн алдагдал, автоном системийн эмгэг- хөлрөлт, арьсны өнгө, тэжээлийн алдагдал байгаа эсэхийг асууж тодруулна.

Мэдрэлийн үзлэгт: Хөдөлгөөний эвсэл, булчингийн хүчийг шалгах бөгөөд энэ нь мөчдийн дистал болон проксимал аль хэсэгт суларсан байгааг олж тогтооно. Полиневропатийн үед мөчдийн захаас эхлэн шөрмөсний рефлексууд суларч булчингууд хатингаршдаг. Шөрмөсний рефлекс жигд суларсан байх нь ихэнх тохиолдолд миелингүйжих эмгэгийг илэрхийлдэг.

Арьсны мэдрэхүй ихэвчлэн оймс-бээлий хэлбэрээр алдагддаг бөгөөд өвдөлт, температур, хүрэлцэх, байрлал, доргионы мэдрэхүйг зайлшгүй шалгана. Мэдрэхүйн жижиг ширхэгүүд гэмтэхэд температур, вегетатив өөрчлөлт үүсдэг бол том миелин бүрхүүл бүхий ширхэгүүд гэмтэх үед гүний мэдрэхүй алдагдсанаас сенситив тэнцвэргүйдэл үүснэ.

Лабораторийн шинжилгээг шалтгааныг илрүүлэх зорилгоор өвчтөн тус бүрд өвөрмөцөөр сонгон хийнэ. Үүнд: цус, шээсэнд сахар тодорхойлох, цусанд витамины хэмжээ (B12, B1), уургийн фракц, хүнд металлууд, органик хүчил, өвөрмөц эсрэг бие үзэх, тархи нугасны шингэнд эсрэг бие, уураг-эсийн зөрөө үзэх гм.

Полинейропати өвчнийг батлах, хэлбэр тогтоох гол оношлогооны арга бол электрофизиологийн шинжилгээ юм.

Электронейрографийн шинжилгээгээр захын мэдрэлийн ширхэгүүд гэмтсэн эсэх, эмгэг өөрчлөлт нь хөдөлгөөн эсвэл мэдрэхүйн ширхэгийн алийг давамгайлан гэмтээсэн, анхдагчаар миелин бүрхүүл болон аксоны аль нь гэмтсэн зэргийг тогтоох боломжтой. Үүнээс гадна, тэгш хэмт полиневропатийг тэгш хэмт бус олон голомтот мононевропати өвчнөөс ялган таних, өвчний явцыг хянах, нөхөн сэргэх процесс явагдаж буй эсэхэд хариулт авах боломжтой.

Электронейрографийн аргаар миелин бүрхүүл бүхий хөдөлгөөний болон том мэдрэхүйн ширхэгээр сэрэл дамжиж буй хурдыг хэмжинэ. Хариу потенциалын хурд 70%-аас доош буурах нь анхдагч миелингүйжих эмгэгийг илэрхийлдэг. Аксонал невропатийн үед хөдөлгөөн мэдрэхүйн хариу потенциалын амплитуд эрс багасдаг. Хөдөлгөөнийн хариу потенциалын захын латенц хугацаа ба F долгионы латенц хугацааг хэмжсэнээр тухайн мэдрүүлийн дистал эсвэл проксимал буюу мэдрэлийн ёзоорын хэсгийн гэмтлийг ялган мэдэх боломжтой юм. Энэ нь полиневропати болон полирадикулопатийг ялган оношлох, эмчилгээний тактикийг сонгоход чухал ач холбогдолтой байдаг.

Зүүн электромиографийн шинжилгээг захын саажилтыг анхдагч булчингийн эмгэг болон захын мэдрүүлийн эмгэгийн улмаас булчинд эмгэг өөрчлөлт үүссэнийг ялган таних зорилгоор хийнэ. Булчингийн цахилгаан бичлэгт булчингийн аяндаа үүсэх идэвхжил болох фибрилляци эсвэл эерэг хурц долгион үүсэх нь тухайн булчинг мэдрэлжүүлдэг мэдрүүлийн аксон гэмтэж, булчинд денерваци өөрчлөлт үүссэнийг илэрхийлнэ. Невропатийн үед идэвхтэй хөдөлгөөний нэгжийн тоо цөөрч, ажиллагаатай хөдөлгөөний нэгжийн потенциал ялгаруулах давтамж ихсэж, потенциалын амплитуд ихсэнэ. 

Зарим полиневропати өвчний үед захын мэдрүүлийн анхдагч гэмтэл эсвэл тэжээлийн дутагдлаас үүссэн хоёрдогч эмгэг эсэхийг тогтоох зорилгоор морфологийн шинжилгээг хийнэ.

Захын мэдрүүлийн бүтцийг шинжлэхдээ голчлон N. suralis-аас биопсийн материал авдаг. Энэ мэдрүүл нь зөвхөн мэдрэхүйн ширхэгүүд агуулдаг тул өвчтөнд шинжилгээний дараа булчингийн сулрал үүсэхгүй, харин тавхайн улны хэсэг газрын арьсны мэдрэхүй алдагддаг. Энэ мэдрүүл хэдийгээр мэдрэхүйн ширхэгүүдээс бүрддэг боловч хөдөлгөөний нейропатийн үед ч хангалттай мэдээллийг өгдөг байна.

Полинейвропатийн эмчилгээний хувьд юуны өмнө шалтгааны эсрэг эмчилгээг хийдэг. Үүнд: хурц полирадикулит буюу Гийян-Барре өвчний үед иммуноглобулиныг өндөр тунгаар судсаар хийдэг бол, чихрийн шижин өвчний полиневропатийн үед цусан дахь глюкозын хэмжээг буулгах эмчилгээ, Альфа-липоны хүчлийг судсаар тарьж, үргэлжлүүлэн удаан хугацаанд уулгах, архины гаралтай полиневропатийн үед судсаар витамин В1-ийг нөхөх, сүрьеэгийн эмийн гаралтай полиневропатийн үед эмийн тунг бууруулж витамин В6 нөхөх гэх мэтээр тус бүр өвөрмөц эмчилгээ шаарддаг. Мөн бүх төрлийн полиневропатийн үед нөхөн сэргээх эмийн болон хөдөлгөөн засал, физик эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг байна.

“Эмч” сонинд хэвлүүлэв, 2010 он. Р. Мөнхбаяр