Нойрны цогц бичлэг (ПОЛИСОМНОГРАФИ)

Полисомнографи нь нойр, нойрны хамааралт эмгэгийг оношлоход хэрэглэгддэг шинжилгээ юм. Үүнийг бүтэн шөнийн турш эмнэлгийн орчинд хийнэ. Нойрны үеийн тархины цахилгаан долгион, цусны хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилтын тоо, цусны даралт, амьсгалын зохицуулга, хурхиралт, биеийн байрлал, нүдний ба мөчдийн хөдөлгөөн зэрэг бие махбодийн олон үйл ажиллагааг хэмжиж дүгнэнэ.

Дараах эмгэгийг оношлох зорилгоор мэргэжлийн эмч нойрны бичлэгийг үйлчлүүлэгчид санал болгодог:

  • Нойрон дунд амьсгал тасалдах эмгэг (зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлд багтана!)
  • Нойртой хамааралт амьсгалын эмгэгүүд
  • Эмгэг нойрсолт (эрчимтэй зүүдлэх, ярих, босч явах, шүд хавирах)
  • Хөлийн үечилсэн хөдөлгөөн
  • Нарколепси буюу хэт нойрсолт
  • Нойрны үеийн уналт таталт
  • Нойрны үеийн зан үйлийн өөрчлөлт
  • Нойргүйдэх, тодорхой бус архаг эмгэг гэх мэт нойртой холбоотой илрэх эмгэг.

Полисомнографийн шинжилгээнд эрсдэл бий юу?

Энэхүү шинжилгээ нь хатгалтгүй, өвдөлт үүсгэхгүй шинжилгээний арга. Хүндрэл үүсэх нь ховор. Зарим тохиолдолд шинжилгээний электрод тогтоогч наалтаас харшил үүсч болно, наалтны харшилтай бол шинжилгээний өмнө эмчид/техникчид мэдэгдэх хэрэгтэй.

Шинжилгээний өмнө бэлтгэх зүйлс

  1. Амьдралын хэвийн хэвшлийг хадгалах (унтах, ажиллах, хооллох гэх мэт)
  2. Эрэгтэйчүүд сахлаа авсан байх
  3. Усанд орсон, бие цэвэр байх
  4. Эмэгтэйчүүд хумсны будгаа арилгасан байх
  5. Шинжилгээнээс 2 долоо хоногийн өмнө зарим эмийг эмчийн зааврын дагуу зогсоох
  6. Шинжилгээний өмнө оройн хоолоо идсэн байх
  7. Шөнийн шинжилгээний явцад нэмэлтээр хэрэгтэй зүйл байвал эмч/техникчид урьдчилан хэлж бэлтгүүлэх

Шинжилгээнд авчрах зүйлс

  1. Одоогийн хэрэглэж буй эмийн жагсаалт
  2. Унтлагын хувцас
  3. Өөрийн дэр, хөнжил, тухлан унтахад шаардлагатай зүйлс (нүдний маск, чихний бөглөө гэх мэт)

Хориглох зүйлс

  1. Шинжилгээ өгөх өдөр өдрийн цагаар унтах, зүүрмэглэх
  2. Шинжилгээний өдөр кофейн агуулсан хүнс (кофе, цай, энергийн ундаа гэх мэт), архи, согтууруулах ундаа хэрэглэх
  3. Дасгал, биеийн хүчний ажлыг хэтрүүлэн хийх
  4. Шинжилгээний явцад тамхи татах, гар утас хэрэглэх