Мэдрэлийн эмчийн үзлэг

Үзлэг хийх журам

Цаг олгох, хүлээх хугацаа

Таны цагийг хэмнэх болон манай эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор бид танд үзлэгийн цаг олгоно. Өвчтөний зовиураас хамааран үзлэгт зарцуулах хугацаа янз бүр байна. Бид нэг хүний үзлэгт дунджаар нэг цаг зарцуулахыг төлөвлөдөг. Үүнд, өвчний түүхийг нарийвчлан асууж, нарийн мэдрэлийн үзлэг хийж, өмнө хийлгэсэн шинжилгээтэй танилцаж, тавьсан оношийг тайлбарлаж, зөвлөгөө өгнө.

Аль болох тогтсон цагийг баримтлахыг хичээх боловч, зарим тохиолдолд хугацаа сунжирч, илүү цаг шаардагддаг, жишээ нь, хүнд өвчтэй хүн үзэхэд илүү их цаг зарцуулах, гэнэт яаралтай тусламж үзүүлэх г.м.. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөн ирвэл таны үзлэгийн цаг хойшлогдох болно. Энэ тохиолдлыг үгүйсгэх аргагүйг өвчтөн Та ойлгоно гэж найдая.

Хяналт үзлэг сануулах үйлчилгээ

Давтан хяналтын үзлэгийн хугацааг бид танд урд өдөр нь утсаар сануулна.

Эмнэлэгт ирэхдээ:

Та өмнө нь хийлгэсэн рентген, компьютерт-томографи (CT), соронзон-резонанст (MRI) томографийн зургуудын эх хувийг (эсвэл CD, хариу дүгнэлтийн хуудас биш!), мөн лабораторийн шинжилгээ, бусад шинжилгээний зураг, хариу дүгнэлт зэргийн эх хувийг авчрах хэрэгтэй.

Мөн Та эрүүл мэндийн карт, тогтмол хэрэглэж буй эмийн жагсаалтыг уух журамтай нь хамт авчирвал сайн. Зарим ховор эмийн хайрцаг, тайлбар бичиг авчирвал эмийн найрлага, тунгийн тухай мэдээлэл авна. Олон тооны зовиур эмтэй холбоотой байдаг тул эмийн гаж нөлөө, харилцан үйлчлэл зэргийг дүгнэн, тайлбарлахад ач холбогдолтой.

Та толгойн өвдөлт, уналт таталт зэрэг өвчний давтамжийг хянах календарь хөтлөдөг бол түүнийг авчрахыг бүү мартаарай. Календарь хөтлөх нь өвчний оношийг тодруулах, өвчний явцыг хянах, эмчилгээг зохицуулахад чухал ач холбогдолтой.

Даралт ихсэх өвчтэй хүмүүс цусны даралт, зүрхний цохилт хэмжсэн хяналтын дэвтэр, чихрийн шижинтэй өвчтөн цусан дахь сахарын хэмжээ шалгаж тэмдэглэсэн дэвтэр зэргийг авчрана.

Өвчний түүх

Эмчийн оношилгоо ярилцлагаас эхлэнэ. Өвчтөн өөрийн зовиур бэрхшээлийн тухай аль болох бие даан өгүүлнэ. Ингэснээр үзлэг оношилгооны нэг чухал хэсэг болох харилцах чадвар, оновчтой мэдээлэл өгөх, сэтгэл хөдлөлийн байдал зэрэгт дүгнэлт хийнэ.

Өвчтөн өөрөө мэдээлэл өгөх боломжгүй тохиолдолд ар гэрийнхэн, найз нөхөд, өөр хүмүүсээс мэдээлэл авах шаардлага гарна, жишээ нь, өвчтөний ухамсарт ухаан самуурсан, ой санамж муудаж, танин мэдэхүйд өөрчлөлт орсон, хэл ярианы бэрхшээлтэй байх тохиолдолд г.м..

Үзлэгийн төлбөр

Та эмчийн үзлэг болон манай эмнэлэгт хийгдэх нэмэлт шинжилгээний төлбөрийг үзлэгийн дараа бэлнээр буюу картаар төлнө. Үзлэг, шинжилгээний тарифыг ресепшнээс, эсвэл урьдчилан утсаар лавлаж болно. Ойр ойр хянах шаардлагатай тохиолдолд өвчтөн 3 сарын буюу 1 жилийн хяналтын тарифаар тооцоо хийвэл мөнгө хэмнэгдэнэ. Бусад тохиолдолд үзлэгт ирж, зөвлөлгөө авах бүрт Та тарифын дагуу нэг удаагийн үзлэгийн үнэ төлөх болно.

Эмчид үзүүлээд нэг сарын дотор шинжилгээний хариу үзүүлж, давтан хянуулахад нэмэлт төлбөр авахгүй. 

Сард нэг удаа, сар бүрийн сүүлийн баасан гаригт ХЧА-ыг 70% буюу түүнээс дээш хувиар тогтоолгосон хүмүүсийг манай эмнэлэг үнэ төлбөргүй үзэж оношлоно. Энэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдахын тулд та урьдчилан утсаар цаг тохироно, мөн үзлэгт ирэхдээ группийн дэвтэр, эрүүл мэндийн карт зэргийг авчирна. Эдгээр хүмүүс дээр дурдсан өдрөөс өөр өдөр үзүүлбэл төлбөртэй болохыг сануулья. Бидний цаг хязгаартай тул тухайн өдөр үзэж амжих тооны хүнд үйлчилнэ.