Дуплекссонографи

Хоргүй ба өвдөхгүй энэхүү хэт авианы өнгөт шинжилгээгээр судасны явц, хана, бүтцийг дүрслэх боломжтой.

Үүгээр тархины ба мөчдийн судсыг дүрслэж, нарийсал бөглөрөл үүсгэж буй судасны ханын эмгэг өөрчлөлтийг (хатуурал, товруу, үрэвсэл, цусны бүлэн г.м.) оношлоно.

Үүнээс гадна нялх нярай хүүхдийн тархины бүтцийг дүрслэх боломжтой.

Заалт:

1. Харвалтын шалтгаан тодруулах, судасны эмгэгийн эрсдэл хүчин зүйл бүхий хүмүүст урьдчилан сэргийлэх зорилгоор хийнэ (даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зүрхний эмгэг, хэт таргалалт, өндөр нас, хөдөлгөөний хомсдол, стресс, өөх тосны бодисын солилцооны эмгэг г.м.).

2. мөчдийн судасны эмгэгийг оношилно (хөл гар хөрөх, хөхрөх, цайх, алхахад өвдөх, хавагнах, улайх г.м.). Хөл гарын артери судасны нарийсч бөглөрөх эмгэг, хөл гарын вен судасны тромбоз (цусны бүлэнгээр бөглөрөх), тромбофлебит (үрэвсэж, бүлэнгээр бөглөрөх), варикоз (хөлийн судас бүдүүрэх).

3. тархины эход голчлон нярай, нялх хүүхдийн тархины бүтцийг харж, цус хуралт, тархины усжилт зэрэг эмгэгийг оношилно.

4. булчин шөрмөсний эхо шинжилгээнд гэмтэл, үрэвсэл, хатингирал, мэдрүүлийн хэлбэр бүтэц зэргийг оношилно. 

Бэлтгэл:

Онцгой бэлтгэл шаардлагагүй. Тархи үзэхэд үсэнд шпрей, гель хэрэглээгүй байх, хөл үзэх тохиолдолд хөлийг угааж ирэх.